Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » Нийтлэл » Нийтлэл

Таксины жолооч бид хоёр
2012-05-16, 8:35 PM
Таксины жолооч бид хоёр нарны замаар ороод сүнгэнэтэл давхихаар тохирлоо. Сүнгэнэх ч өнгөрч, бөглөрөөнд таг зогсох нь тэр ээ. Энэ хооронд юу эсийг ярих билээ, чамгүй удаан хөөрөлдлөө. Яриа ч улам амттай болж, нөгөө нөхөрт сүрхий татагдах янз ороод ирэв. Монгол хүний далд ухаан гэж үнэхээр чамлаж болдоггүй эд байдаг ажээ. Жолооч ах цэргийн байгууллагад насаараа ажиллаж байгаад хоёр жилийн өмнө тэтгэвэрт суусан бэлтгэл офицер гэнэ ээ. Юмыг гярхай ажиглаж, дотроо бясалгаж, дотроо бухимдаж явдаг хүн юм.

Ерөөс хүнийг хөтөлж авч явдаг хамгийн гол зүйл гагцхүү санаа сэтгэлийнх нь ая дан ажээ. Эрүүл мэндийн асуудлаас гадна авч үзэхэд ерөөсөө сэтгэл амгалан, санааны зовиургүй л бол хүн амар тайван аж төрнө. Залуу хөгшин бүгд ялгалгүй ийм байдаг байна. Мэдээж ардын сэтгэл амирлангуй байх гол нөхцөлүүдийг Төр бодлогоороо хангаж явах ёстой. Ялангуяа ахмадуудынхаа. Энэ дээр бидний үзэл давгүй нэгдлээ. 
Жолооч ахад сүүлийн арваад жилийн улс орны амьдралын ерөнхий уур амьсгалыг аваад үзэхэд нэг үзэгдэл нийгэмд шинээр нэмэгдсэн юм шиг харагддаг гэнээ. Тэр нь юу вэ гэхээр манайхны ам билэггүй болж эхэлсэн. Болно доо гэсэн тавируу тайван үгс хаашаа ч юм нисэн одож оронд нь болохгүй байна, бүтэхгүй байна гэсэн хашгираан шүгэлсэн явдал ажээ. Ахмадууд маань хүртэл орон гэртээ налайж суух цагаа талбайд таягаа гозолзуулж өнгөрөөдөг хачин үзэгдэл гарч ирсэн. Хөгшдийн маань тух юунаас болж алдагдсан нь ойлгомжтой. Үр хүүхэд нь ажилтай, орлоготой. Өөрсдийнх нь тэтгэвэр хүрэлцээтэй л бол тэдэнд юуны нь хямрал байх билээ. Тэсвэр алдан талбай тойрч санжиганахад хүргэсэн гол шалтгаан хүүхдүүдийнх нь ажилгүй орлогогүй, амьдралд идэвхигүй болон уруудаж яваа байдал, авдаг хэдэн төгрөг нь сүү талхандаа ч хүрэлцэхгүй гуцуудаж суугаа байдал хоёр. Энэ хоёр шалтгаан л хөөрхий хөгшчүүдийг улс төрийн ашиг хонжоо хайгчдад ашиглагдан жагсч тэмцэхэд хүргэсэн гэнэ. Цааш нь манай хүн тоормозлож байгаад, духаа гүнзгий үрчийлгэж ирэн хэлж байна. Хөгшчүүлээ улс төрийн тэмцэлд ашигладаг явдал хаданд гарсан шүү. Сүүлийн жилүүдэд ялангуяа тэдний насных нь онцлог, залуу зандан насаа санагалзаж харьж буурч яваагаа мэдэрч гунигладаг сэтгэл зүйн шинжүүд дээр нь тоглож, аяганых нь дундуурханаар барьцаалж ашигладаг нөхдүүд  манай улс төрд олноороо бий болсон. Муухай хогнууд шүү. Тэдний сонгодог төлөөлөл нь хатагтай Г.Баасан шүү дээ. (Уг нь тэр Баасан авгай гэж ирээд л олонхийн нэрлэдгээр хэлсэн. Харин би бичихдээ засварлаж байгаа нь энэ) Хичнээн жил өвлийн хүйтэн, хаврын хавсарганд хэдэн хөгшчүүлийг талбай гороолуулж бужигнуулав. Үр дүнд нь өөрөө байр савтай болж, их сургуульд хөл тавин хуульчийн мэргэжил эзэмшиж, хааяа нэг зурагтаар урьдын орилоо Г.Баасан биш нэлээн өөрчлөгдсөн яндагардуу төрхтэй Г.Баасан үзэгддэг болтол өөрчлөгдсөн. Үгүй чи одоо удахгүй сонгуулиар зурагтын дэлгэцнээс салахгүй. Тэгэхээр нь нэг сайн ажаарай. Цаадах чинь бүр сэмбийчихсэн байгаа...Ахын яриа өөрийн эрхгүй түс хийлгэж байна. Яасан ч амттай хорвоо вэ дээ. Өөрийн эрхгүй би тачигнатал инээж явав. Ах бол харин улам цэгцэрч, улам дотносч, улам ихийг нухацтайгаар үргэлжлүүлж явлаа.

Г.Баасангийн  хөлд нь чирэгдэж хөхөө өвлийн хүйтэнд үрэгдэх шахсан хөгшдийн зарим орчлонг орхиж, зарим нь гонсойж гомдоод гэр гэртээ сууцгаадаг болсон гэнэ. Энэ маягаар эмээ өвөө нараар наадаж, нийгмийг бужигнуулдаг нөхдүүд дахиад ч хэд хэд бийг ах онцлов. Тэдний бас нэгэн том төлөөлөгч нь Н.Энхбаяр. Сая бол эмээ өвөө нарыг яаж ашиглахыг яруу тодоор харууллаа шүү дээ. Эхэр татуулж зурагтаар гаргаад л, өлсгөлөн зарлуулж хэвтүүлээд л ёстой балласаан...Үр хүүхдээ алдчихсан юм шиг, амь амьдралаа үгүй хийчихсэн юм шиг авлигын хэрэгт татагдсан нэг нөхрийн өмнөөс учраа олохгүй орилж байгаа хэдэн хөгшдийг хараад өрөвдлөө ш дээ. Сүүлдээ эмээ өвөө нарыг ашиглах нь юу ч биш болон хувирч ээжээрээ хүртэл захиа занаа бичүүлж шоуддаг байгаа. Ер нь Н.Энхбаяр эр хүн шиг өөрөө өөрийнхөө асуудлыг дааж, иргэн хүн шиг эрхээ ч эдэлж,  үүргээ ч биелүүлж, хуульт ёсны өмнө ардын хүүхдүүдтэй адилхан  алаггүй зогсч чадсангүй. Үр дүнд нь энгийн ард түмний сэтгэлд нэгэн муухай сүүдэр тусч үлдсэнээр энэ асуудал "дуусах” шив дээ. Ах ёстой дургүй нь хүрчээ. Замын голдоо ч ороогүй байдаг. Ахтай ахиад жаахан яримаар санагдаад болдоггүй. 

-Та цэргийн байгууллагад олон жил ажилласан хүн болохоор илүү хатуу байгаа юм болов уу?

-Хатуу зөөлний тухай яриа хуулийн өмнө байдаггүй юм. Хууль зөрчсөн үү, үгүй юү. Энийг шалгаж шалгуулж байж л тогтооно. Иргэний нийгмийн ийм тодорхой асуултын өмнө ингэж арчаагүй аашилж болохгүй  л байхгүй юу. 

-Түрүүн та ямар сүүдэр үлдсэн тухай хэлэв ээ?

-Ёстой хамгийн муухай сүүдэр үлдсэнийг л хэллээ. Би чамд шууд хэлье. Эрх дархтай, мөнгө хөрөнгөтэй нь хуулийнхныг айлгаж ичээж, дарамталж дарлаж байгаад ял завшдаг, энгийн ард нь шуудай гурилын хэрүүлтэй шоронд хатаж байдаг юм шив дээ гэсэн тасрашгүй барьцаатай сэтгэл л нийгмийн дунд үдлээ. Одоо захын хулгайч "Та нар тэр Н.Энхбаярыгаа яллаж чадахгүй байж, болиочээ” л гэнэ. Балагтай улстөрчид ийм л бараан мөрийг сийлж үлдээдэг байна. Шийртэйхэн эрчүүд бол шалгуулаад л ард нь гардаг юм билээ. Ийм ачааг даагаад гарсны дараа үлдэх үлгэр нь ч нийгэмдээ зөв тусгалтай байдаг. Эрүүлжүүлэхэд ч орж үзээгүй Энхбаярт харин ийм хоншоор байсангүй.

-Эрүүлжүүлэхэд ч орж үзээгүйг нь та яаж мэдэж байгаа юм бэ?

-Хн, харах царайнаасаа юу ч үзээгүй амьтан ш дээ. (ая яа яа...ах ёстой алсаан) Ямар олигтой монгол эр ээж, эхнэр хүүхэд, эмэгтэйчүүд, Их хурлын хоёр гурван далдгар гишүүдийн ард орж хэвтчихээд оймс гутлаа ч өмсчихгүй арзаганаж байдгийн. (Одоо энэ яриа ч ширүүсэх нь ээ, өөр тийш нь л хөтлөхгүй бол горьгүй зүг рүүгээ эргэлээ. Эрчүүдэд бол иймэрхүү л нялцгай юм харагдаад дургүй нь хүрээд байгааг огт мэдсэнгүй)

-Одоо ч өглөө сэрэхэд л хэн нэгнийг барьж хорьсон, шалгасан, ялласан мэдээ хэвлэгдэж байдаг болжээ дээ. Ахиад хоёр гишүүнийг холбогдуулж байгаа юм аа даа?

-Х.Наранхүү, Ц.Батбаяр нарыг яллагдагчаар татсан мэдээ сүүлийн хоёр өдөр түгэж байна. Муу улаан Ц.Батбаярыг  өвөлжин хаваржин л шалгаж барьж түнтэгнүүлсэн юм биш үү. Болимоор юм. Эрх мэдлийн эзэн явсан Н.Энхбаярын шахалтаар ганц нэг бичигт гарын үсэг зурсан явдал хэрэв тэдэнд байгаа бол энэний хариуцлагыг "ярих” бололцоо одоо манай хуулийнханд байгаа юм уу. Улс төрийн сонгууль болж буй энэ цагт зүгээр л нэрийг нь сэвтээж харлуулах гэсэн, нэг их ажил хийсэн болж харагдах гэсэн, өрсөлдөгч нам хүчнийхээ нэр хүндийг санаатайгаар энэ мэт шороо бужигнуулж хорлох гэснээс өөр гавьтай зорилго харагдана гэж үү. Ингэж шүд сугалж байгаа юм шиг нэг намын нөхдүүдийг ороох нь шүдээ өмнө нь сугалуулж явсан талынхны л мэддэг сценари байж таарна. Тэгэхээр одоо ийм хөгийн аргаар авлигатай тэмцсэн дүр үзүүлэх нь хэтэрхий явцгүй арга болж хувирлаа. Одоо юуг ч зарчмын хувьд хүлээж авах, зарчмын цонхоор харах бололцоогүй болсон. Энэ бололцоог экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр маань халаасандаа аваад хийчихлээ. Харин ч нүүр рүүгээ шавар шавхай цацуулан байж шугаман дээрээ зогсч байгаа, энэ улс орныг авлигын хэрсэн торноос салгах гэж сарвайтлаа тэмцэж байгаа ганц нэгэн Төрийн хүн эцэстээ хараалын бай болон үлдэж байна. Ийм нөхцөлд бид авлигаас сална гэдэг лөөлөө биз ээ.

-Тэр ч нэг тиймэрхүү юм руу эргэх нь ч эргэлээ. НҮБ-ын дарга манай Ерөнхийлөгч рүү утас цохиж хэдэн үг хэлжээ. Энийг та юу гэж бодож байна?

-Тэгсэн л байна лээ. Дээр үеэс манай төрийнхөн бие биеэ гадныхнаар айлгадаг байлаа шүү дээ. Социализмын үед орос ах нарт хэлнэ шүү л гэдэг байсан. Хэлж байгаад ачуулчихдаг. Ачиж явуулаад тэнд нь буудуулчихдаг ч байсан үе бий. Сүүлд Н.Энхбаяр дээгүүр нисээд өнгөрч явсан Путиныг хүртэл түр газардуулж өөрийгөө дэмжсэн үг хэлүүлж байлаа. Бүхэл бүтэн улс оронд улс төрийн сонгууль явагдаж байхад ийм эрээ цэргүй нөлөөлөх гэсэн давилуун юм болж л байсан. Ардчиллаас хойш шинээр гарч ирсэн сөрөг хүчнийхэн юм л бол америк ах нарт хэлнэ шүү гэдэг болсон. Цаадуул нь ч элдэв бичиг цаас явуулж, ирж очиж манайхныг хөөрхөн "айлгана”. Бан Ги Мүн-ий монгол руу залгаж утсаар ярьсан ч иймэрхүү л үнэр үнэртүүлж байгаа юм. Тэр Убад ер нь маний явдал падлий юу байнаа. (Ёо ёо ах ёстой алдаг байна ш дээ, нулимсаа гартал инээлээ. Тэр Уба-д байх даа яахав дээ)

-Та нээрээ хөгжилтэй хүн юм аа. Уба байхдаа яахав дээ?

-Энэ орой өглөөгүй гарч байгаа солонгос кинонууд дээр чинь л эм нь эрийгээ Уба Уба гээд л үүрүүлчихсэн согтуу хүргүүлж байгаа харагдах юм байна ш дээ. Ёстой тэр солонгос Убад манай явдал падлийгүй байх аа. 

-Та бид хоёрын яриа эмээ өвөө нарын сэдвээр эхэлсэн. Тэтгэврийн асуудал юу болж байна вэ. Сүртэй нэмэгдсэн юм уу даа. Ахмадуудын хилэн тэгээд арилах болов уу?

-Хөгшчүүлийн үндсэн бухимдал хоёр л шалтгаантай шүү дээ. Түрүүн би чамд хэлсэн. Үр хүүхэд нь ажилтай, орлоготой, өөрсдийнх нь тэтэврийн хэд бололцооны, өвчин хууч нь гайгүй л бол өө юунд таягаа гозолзуулах юм. Тэтгэвэр нэмэгдэж байгаа. Бүрэн ба хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг тус бүр 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180,300 төгрөгт, хувь тэнцүүлсэн  тэтгэврийн доод хэмжээг 145,200 төгрөгт хүргэлээ гэж өчигдөр Ерөнхий сайд С.Батболд хэлж байна лээ. Энэ чинь 2008 онтой харьцуулахад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2,2 дахин, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 2,7 дахин нэмэгдэж байгаа үзүүлэлт шүү дээ. Нэмэгдэж л байна. Энэ улс орон чинь бас нэг жаахан төвхнөмөөр байна шүү дээ. Жаахан завдал олгомоор байна. Юуны туханд хүрэлгүй хашгираад уур бухимдал болоод баймгүй байна. Хэрүүлийн бузар болж гүйцлээ шүү дээ. Өврөө ухаад ч өгөх мөнгөгүй үе зөндөө л байлаа. Одоо энэ уул уурхайгаас орж ирэх мөнгөө хүүхэд залуусынхаа боловсролд, эрүүл мэндэд зориулмаар байна. Улс орноо хөгжүүлмээр байна. Өнөөдөр чинь "Ахмадаа дээдэлсэн-Ардын нам” гэж том зөвлөлгөөн болж байгаа юм байна. Мөрийн хөтөлбөр энэ тэртээ ч сүрхий юмнууд тусгасан шиг байна. Эрх барихгүй Н.Энхбаяр энэ улс орны өмнө ямар хариуцлага хүлээх юм бэ. Иргэнийхээ үүргийг, иргэдтэйгээ адилхан хүлээж чадахгүй чихээ дарж зогсчихоод байгаа хүнийг дагаж одоо хэн намирах юм. Ямар нэг суудал ширээ горьдсон хэсэг доншуур юмнууд л дагаж гүйж байгаа биз дээ. Тэр үнэхээр ард түмэнд тийм хүндэтгэлтэй, хайртай юм бол эхлээд шалгуул, хариуцлагаа хүлээ л дээ. Тэгээд тэр идэж уусан юмныхаа учрыг олчихоод ахиад авир л даа. Энэ ард түмэн тэрнийг зөндөө л авируулсан  шүү дээ. Авираад л яваад байсан, авираад л өгсөөд байсан. Хүний хүрдэг өндөрлөг болгонд хүрлээ шүү дээ. Албан тушаал ч байсан тэр л оройд нь гарч, уул ч байсан тэр л оройд нь гарч байх ёстой юм уу.

-Ёо ёо та ёстой элэг хөшөөх нь ээ?

-Элэг ч хөших юм их болж байнаа.

-Ингэхэд та Н.Энхбаярт яагаад ийм дургүй юм бэ?

-Н.Энхбаяр энэ орны улс төрийг хамгийн их бужигнуулсан хүн. Төрийг тогтворгүй байдал руу л үргэлж оруулж байсан. За, тэгээд энэ саарал байшинд бол хагалахыг нь хагалж, бутаргахыг нь бутаргахад мэргэшсэн хүн гэж байгаа юм. Баабар энэ тэр олон удаа үнэн нүүрийг нь бичсэн шүү дээ. Манай ард түмэн жаахан ултай баймаар байна. Гэнэн байж ханахгүй байна гэдэг энэ чигтээ тэнэгрээд л дуусна гэсэн үг шүү дээ.  Бүр хувийн юмаа хэлье. Н.Энхбаяр Монголын зэсэгт хүчин, батлан хамгаалах салбарт юу ч хийгээгүй хүн шүү. Ер нь тушаалын дор ёсолж үзээгүй сул амьтан гэдгээ сая харуулж байгаа биз дээ. Цэргийнхэн бол цэргийнхэн шүү дээ. Тангараг өргөж үзээгүй хүн хуульт ёсны өмнө цэх зогсч чаддаггүй юм байна. Юун зогсох, бүр хэвтээгээрээ тэврүүлж үүрүүлж очихчээн болоод авгай хүүхнүүдийг уйлуулж байгаад гараад ирлээ ш дээ. За, дүү хүүхэн буу даа. Ах хүү нь зөндөө бурж санаа амарлаа.    
 
Ингээд би ч буух болж таксины жолооч ах ч дараагийн зорчигчоо аван эргэлээ. Өрөөндөө орж ирээд суутал ахын яриа бодогдож сэтгэлээс гарахгүй эргэлдээд, гоё ч юм шиг, эмзэглэл төрөөд ч байх шиг сонин. Таксины жолооч ах минь баяртай, дараа заавал уулзана аа.   
Ангилал: Нийтлэл | Нийтэлсэн: Admin | Түлхүүр үг: Таксины жолооч бид хоёр
Нээгдсэн: 687 | Downloads: 0 | Оноо: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
N$)?>

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5