Улирлын шалгалтанд тань амжилт хүсье :: Мэдээллийн Технологийн Тэнхим
Нүүр хуудас » Нийтлэл » Нийтлэл

Бэлгэ билиг
2012-05-16, 8:41 PM
"Жнана” хэмээх самгарьд үгийг монгол судрын хэлнээ "бэлгэ билиг” хэмээн хөрвүүлжээ. "Жна” хэмээх язгуураас орос хэлний знать гэсэн үг, өөр нэг дуудлага "гна”-гаас нь англи хэлний know гэсэн үг гаралтай. Аль аль нь танин мэдэхүйн утга заадаг. Тэгвэл жнана нь ердийн танин мэдэхүйгээс хэтийдсэнутга илэрхийлдэг тул "бэлгэ билиг” гэсэн тусгай үгээр Монгол мэргэд буулгаж иржээ. Энэ уламжлал эртний Согд түмэнтэй холбогддог уг шагийг хөөвөл зуунаар биш, мянганаар ярих түүх болно. Ердийн танин мэдэхүйд мэдэгч ба мэдэгдэхүүн гэсэн хоёр тал тусдаа оршдог бол чанадын танин мэдэхүйд мэдэгч, мэдэгдэхүүн хоёр нэгэн бүхэл болж хувирдаг. Усанд ус нийлэх шиг хэмээн судар номд зүйрлэжээ. Нэг талаас цэвэр ахуй буюу бэлгэ, нөгөө талаас цэвэр ухамсар буюу билиг уусан сүлэлдсэн учир "бэлгэ билиг” хэмээн хослох аж.
"Өөрийн сэтгэлээс бэлгэ билиг үүсэх тул бурхны хутгийг бусдаас бүү хай!” гэж "Нөгчих цагийн бэлгэ билиг” сударт өгүүлсэн байна. Бидний оюун санаанд гэгээрлийн мөн чанар угаас заяамал гэсэн үг. Эрчим хүч шинээр үүсэхгүй, устаж арилахгүй, зөвхөн хувирдаг гэсэн байгалийн хууль дотоод ертөнцөд ч хамаатай. Энэ бол нисванисыг бэлгэ билигт хувиргах тухай Буддын сургаал, тэр тусмаа Очир хөлгөний үндэс юм. Гадаад байгаль таван махбодоос бүтдэг шиг дотоод байгаль таван өнгийн гэрлээс бүтдэг. Тэдгээрийн сөрөг хувирал нь нисванисын таван хор болдог бол зохист төлөвт орсон нь таван бэлгэ билиг болдог. Үүнийг язгуурын таван бурхны хот мандлаар Очир хөлгөнд дүрсэлжээ. Хот мандал бол оршихуйн зүй тогтлыг бэлгэдсэн загвар юм. Оршихуйг махбод, эрчим, онч дохионы гурамсан харьцаанд судлах болсон орчин үеийн шинжлэх ухааны хандлага Буддын томъёололтой тохирч байх шиг. Гэхдээ нэг нь гадаад ертөнц рүү баримт эрэлхийлсэн оюунаар, нөгөө нь дотоод ертөнц рүү зөн сэрлээр нэвтрэх аялал буйза.

Энэ тухай өгүүлэхийн өмнө таван махбодын талаар товч тодотгол хийе. Махбод (маха бхута) гэдэг нь үлэмж буюу язгуур бодос гэсэн үг. Бичил ертөнцөөс аваад сансар ертөнцийн бүхий л хүрээнд оршиж харилцан биесээ агуулах ба нөхцөлдөн хувирагч юмс үзэгдлийн үндсэн хэв шинжийг томъёолсон хэрэг. Таван махбод нь: Шороо, ус, гал, хий, огторгуй. Энгийн төвшинд ухаарахад эдгээр нь бодисын хатуу, шингэн, хийн, дулаан болон эфирийн төлөвтэй дүйж байна. Үүнээс гадна эртний Хятадын гүн ухаанд гал, ус, төмөр, мод, шороо гэсэн таван махбодын өөр загвар бий. Төвд, Монголд ч эрт үеэс дэлгэрчээ. Түүнийг "хар зурхайн таван махбод” хэмээн ялгаж нэрлэдэг. Буддын гүн ухааны таван махбодын онол нь огторгуй буюу орон зайг махбод хэмээн үзэж, түүнд төвлөрсөн сургаал юм. Хэлбэргүйгээс хэлбэрт шилжих, хэлбэрээс хэлбэргүйд уусах хувирлаар ертөнцийн үүсэх ба устах, хүмүүний төрөх ба үхэх бүхий л үйл явцыг тайлбарладаг.

За, ингээд хот мандал руугаа оръё. Огторгуй махбодыг бэлгэдсэн мандлын төв дунд цагаан өнгөт Машид гийгүүлэгч (сам: Вайрочана, төвд: Намнан) бурхан заларна. Огторгуй махбодын сөрөг илэрхийлэл нь түнэр харанхуй бол эерэг илэрхийлэл нь гэгээн саруул орон зай юм. Мунхаг харанхуй, сэрэмж сэхээгүйн сөрөг эрчим хувирснаар гэгээн саруул номын чанарын бэлгэ билиг төрдөг. Номын чанар нь хуурмаг төсөөллийн хөшиг ярагдсан үед билгийн мэлмийд харагдах бодит ахуй юм. Бодлын мананд авталгүй, ажиглагч буюу гэрчлэгч ухамсрын төлөвт орших нь номын чанарын бэлгэ билгийг эзэмших түлхүүр болдог.

"Таван махбод бүгд огторгуй махбодод хурна.

Таван хор бүгд мунхаг сэтгэлд хурна.

Дурдаж мэдвэл сансар, нирваан бүгд

Сэтгэлийн чанараас үл давна”

гэж Равжаа хутагт айлдсан байна. Тэгэхлээр таван бэлгэ билиг ч номын чанарын бэлгэ билигт хурна гэсэн үг.

Усан махбодыг бэлгэдсэн дорно зүгт хөх өнгөт Үл хэлбийгч (сам: Акшоба, төвд: Мижод) бурхан заларна. Усан махбодын сөрөг илэрхийлэл нь оволзсон үер ус бол эерэг илэрхийлэл нь дөлгөөн нуурын тунгалаг мандал юм. Уур уцаар, айдас түгшүүрийн сөрөг эрчим амирлан номхорсноор толь мэт тунгалаг бэлгэ билиг төрдөг. Бодит байдлыг байгаагаар нь хүлээн авч, түүнд зохицон урсах нь толь мэт бэлгэ билгийг эзэмших арга ажээ.

Шороон махбодыг бэлгэдсэн өмнө зүгт шар өнгөт Эрдэнэ үүдэгч (сам: Раднасамбава, төвд: Ринжүн)бурхан заларна. Шороон махбодын сөрөг илэрхийлэл нь хувхай хоосон цөл бол эерэг илэрхийлэл нь үр жимс хайрлах үржил шимт хөрс бөлгөө. Харамч шунал, бардам омгийн сөрөг эрчим хувирснаар тэгш чанарын бэлгэ билиг төрдөг. Харам, омог хоёулаа минийх хэмээн өмчирхөж, бусдынх хэмээн басамжлах алагч сэтгэлээс үүдэлтэй. Хорвоо ертөнцөд юу өгч байна, түүнийгээ эргүүлж авдаг жам ёсыг ухааран сайн сайхнаа түгээж явах нь тэгш чанарын бэлгэ билигт хүрэх зам мөр юм.

Гал махбодыг бэлгэдсэн өрнө зүгт улаан өнгөт Цаглашгүй гэрэлт (сам: Амитаба, төвд: Одбагмэд) бурхан заларна. Гал махбодын сөрөг илэрхийлэл нь түлж шатаах түймрийн гал бол эерэг илэрхийлэл нь амьдрал тэтгэх халуун дулаан илч буюу. Хүсэл тачаалын сөрөг эрчим хувирснаар тус бүрчлэн онох бэлгэ билиг төрдөг. Очир хөлгөний ёсоор бол сав, шим ертөнц уг чанартаа гэгээн гэрлийн хот мандал юм. Түүнийг сэрж мэдрэх амсуурга бүхэнд бэлгэ билгийн мөн чанар оршдог. Тийм учир эгэл үзэгдлийн цаана нуугдаж буй бурханлаг гоо сайхныг мэдэрч, жаахан зүйлээс ч гүн таашаалыг авч байх нь тус бүрчлэн онох билгийн туршлага болно.

Хий махбодыг бэлгэдсэн умар зүгт ногоон өнгөт Үйлс бүтээгч (сам: Амогасиди, төвд: Дондүв) бурхан заларна. Хий махбодын сөрөг илэрхийлэл нь сүйтгэл тарих хуй салхи бол эерэг илэрхийлэл нь бүгчим энэлгээг тайлах сэрүүн сэвшээ юм. Атаа жөтөө, өрсөл тэмцлийн сөрөг эрчим хувирснаар үйлс бүтээгч бэлгэ билиг төрдөг. Аливаа ажил үйлдээ чин сэтгэлээсээ хандаж, өрсөлдөх үүднээс биш, өөртөө аз жаргал, бусдад тус болох үүднээс хийж явах нь үйлс бүтээгч бэлгэ билгийн замнал юм.

Энэхүү гүн ухааныг агуулсан нэгэн яндар (янтра) бол эрдэнийн соёмбо билээ. Соёмбо нь своёмбху - өөрөө тодорсон гэсэн үг. Дэлгэрэнгүй нэр нь "Өөрөө тодорсон бэлгэ билгийн гэгээ”. Өндөр гэгээн Занабазар (Жнана важра – Бэлгэ билгийн очир)олон өдөр үргэлжилсэн дияан бясалгалаа тайлж гадаалах үед огторгуйд эл тэмдэг тодорч харагдсан гэдэг. Гэхдээ "Өөрөө тодорсон бэлгэ билиг” бол Очир хөлгөний ном судар, их егүзэрүүдийн гүр дуулалд хоногшсон уламжлалт нэр томъёо. Сэргэг ухамсраар хандах аваас сөрөг хуйлрал бүхэн аяндаа амирлаж, зохист чанар – бэлгэ билиг өөрөө тодордог гэсэн үг.

Өнгө ялгаж бүтээсэн соёмбо тэмдгээс эдгээр бэлгэдэл тодорхой харагддаг. Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын төрийн далбаанд ийм соёмбо залаастай байгаа. Соёмбын төвд улаан, цагаан хосолсон дугуй гачил бий. Гачил гэдэг нь хас эргүүлэг, баясгалант ороолго гэж орчуулагддаг төвд үг. Энэ бол огторгуй махбод буюу номын чанарын бэлгэ билиг юм. Улаан, цагаан өнгө хосолсон нь хоосон чанарын агаарт хайр, жаргалан сүлэлдсэн гэсэн утга. Хөх дөрвөлжин нь усан махбод буюу толь мэт бэлгэ билиг. Ногоон дөрвөлжин нь хий махбод буюу үйлс бүтээгч бэлгэ билиг. Шар гурвалжин нь шороон махбод буюу тэгш чанарын бэлгэ билиг. Улаан гурвалжин нь гал махбод буюу тус бүрчлэн онох бэлгэ билиг юм.

Таван махбодыг хашсан босоо хоёр шугам нь гадаад сав ертөнц, дотоод шим ертөнцийн харьцангуй ба үнэмлэхүй хоёр үнэнийг бэлгэджээ. Шалтгаан нөхцлийн эрхээр юмс үзэгдэл үүсэх, устах нь харьцангуй үнэн. Гэгээн гэрлийн агаарт үүсэл, устал үгүй нь үнэмлэхүй үнэн. Хар хөхөмдөг өнгөөр дүрсэлсэн нь хувиршгүй зүй тогтол буюу жам ёс гэсэн утга. Таван махбод хийгээд таван бэлгэ билгийн хураангуй нь сар, нар, дөл гурав болно. Цагаан өнгөт сар нь арга, улаан өнгөт нар нь билиг, хөх өнгөт дөл нь хоёргүйн чанарыг бэлгэджээ. Хоёр туйлт орчлоос халин гарч, гадаад ба дотоод огторгуй нэгдсэн хязгааргүйг эрхшээх нь бэлгэ билгийн чанад утга билээ.
Ангилал: Нийтлэл | Нийтэлсэн: Admin | Түлхүүр үг: Бэлгэ билиг
Нээгдсэн: 993 | Downloads: 0 | Оноо: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
N$)?>

Чухал холбоосууд

Холбоо барих

Их засаг их сургуулийн хаяг Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж. Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль. Шуудангийн хайрцаг-349, Zip код-13381 Элсэлтийн төв комисс. Утас: 70157768, 7015-7761, 7015-7763, 88007035, 88007064, 88018116 Гадаад харилцааны алба: 70157762, 99095206, 88007069 Факс: +(976) 7015-5736, E-mail: ikhzasag@ikhzasag.edu.mn Монголын рояаль академи: Утас: 50006611, 70157777, Web site: www.royalacademy.mn

Админ булан

Templates Joomla 1.5